МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 12 сарын 21 өдөр |
Төрийн
ордон,Улаанбаатар хот |
Энэ хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.
СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ
ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ
ҮНДЭСЛЭЛ
1
дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь стандартчилал,
техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн эрх зүйн үндсийг
тогтоож, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ, менежментийн тогтолцооны чанар,
аюулгүй байдлыг хангах, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг хамгаалахтай
холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2
дугаар зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний
итгэмжлэлийн хууль тогтоомж
2.1.Стандартчилал, техникийн зохицуулалт,
тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,
энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад
актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ
хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3
дугаар зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний
итгэмжлэлийн зорилго, зарчим
3.1.Стандартчилал, техникийн зохицуулалт,
тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
3.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн
болон орчны аюулгүй байдлыг хангасан байх;
3.1.2.бие даасан, хараат бус байх;
3.1.3.сонирхогч талуудын оролцоог тэгш
хангасан байх;
3.1.4.үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн байх;
3.1.5.үйлдвэрлэл, худалдаанд үндэслэлгүйгээр
саад учруулахгүй байх.
4
дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог
доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“стандартчилал”
гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний харилцан орлуулалт, мэдээлэл, техник, хэмжилт,
сорилтын нэгдмэл, нийцтэй, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтээр, дахин
давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагааг;
4.1.2.“стандарт” гэж
тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг
сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт
бичгийг;
4.1.3.“техникийн
зохицуулалт” гэж бүтээгдэхүүний тодорхойлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийн арга,
стандарт, техникийн үзүүлэлт болон шаардлагыг эш татаж, эсхүл тэдгээрийн
агуулгыг тусгаж эрх бүхий байгууллагаас баталсан заавал дагаж мөрдөх баримт
бичгийг;
4.1.4.“бүтээгдэхүүн”
гэж үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцад бий болсон үр дүнг;
4.1.5.“тохирлын үнэлгээний
итгэмжлэл” гэж эрх бүхий байгууллагаас тохирлын үнэлгээний байгууллага нь
тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн чадвартайг тогтоож, хүлээн
зөвшөөрөх ажиллагааг;
4.1.6.“тохирлын
үнэлгээ” гэж бүтээгдэхүүн, ажилтны ур чадвар, менежментийн тогтолцоо нь
стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох үйл
ажиллагааг;
4.1.7.“тохирлын
үнэлгээний байгууллага” гэж энэ хуулийн 4.1.6-д заасан үйл ажиллагааг эрхлэх
эрх бүхий байгууллагыг;
4.1.8.“нийлүүлэгчийн
мэдэгдэл” гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа талаар
үйлдвэрлэгч, эсхүл нийлүүлэгчээс бичгээр гаргасан нотолгоог;
4.1.9.“аюулгүйн
тэмдэг” гэж бүтээгдэхүүн нь техникийн зохицуулалтаар тогтоосон шаардлагыг бүрэн
хангаж байгааг тодорхойлсон тэмдэглэгээг;
4.1.10.“тохирлын
баталгаа” гэж бүтээгдэхүүн нь стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад
нийцэж байгааг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.11.“тохирлын
гэрчилгээ” гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон
баримт бичгийг.
4.2.Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад нэр
томьёог Дэлхийн худалдааны байгууллагын Худалдаан дахь техникийн саад тотгорын
тухай хэлэлцээр, олон улсын стандартын байгууллагын ISO/IEC 17000, түүний 2
дугаар аргачлалд заасны дагуу тус тус ойлгоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ
5
дугаар зүйл.Техникийн зохицуулалтын зорилго
5.1.Техникийн зохицуулалтын зорилго нь хүний
эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг
хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад оршино.
5.2.Техникийн зохицуулалтыг нийтээр заавал
дагаж мөрдөнө.
5.3.Техникийн зохицуулалтын хэрэгжилтийг
улсын хэмжээнд Засгийн газар, хэрэгжилтийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын
тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгууллага тус тус хариуцна.
6
дугаар зүйл.Техникийн зохицуулалтыг боловсруулах, батлах, мэдээлэх
6.1.Техникийн зохицуулалтыг тухайн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, энэ хуулийн 6.4-т заасан
дүгнэлтийг үндэслэн Засгийн газар батална.
6.2.Техникийн зохицуулалт боловсруулах зааврыг
стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага батална.
6.3.Шаардлагатай тохиолдолд техникийн
зохицуулалтыг хэрэгжүүлэх журмыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
батална.
6.4.Техникийн зохицуулалтын төсөл нь энэ
хуулийн 5.1-д заасан зорилго, 6.2-т заасан шаардлагыг хангасан эсэх талаар
стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага дүгнэлт гаргана.
6.5.Монгол Улсаас гадаад худалдаанд хэрэглэх
техникийн зохицуулалтын төслийг батлагдахаас гурваас доошгүй сарын өмнө
стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад мэдээлнэ.
6.6.Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн
орнуудаас санал болгож байгаа гадаад худалдаанд хэрэглэх техникийн
зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад худалдааны асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СТАНДАРТЧИЛАЛ
7
дугаар зүйл.Стандартчиллын зорилго
7.1.Стандартчиллын зорилго нь бүтээгдэхүүний
хэрэглээний нийцтэй байдал, харилцан орлуулалт болон сорилт, хэмжилтийн нэгдмэл
байдлыг хангах замаар нөөцийг зүй зохистой ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх
чадварыг дээшлүүлэх, худалдааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
8
дугаар зүйл.Стандартчиллын баримт бичиг
8.1.Стандартчиллын баримт бичигт дараахь
баримт бичиг хамаарна:
8.1.1.Монгол Улсын /цаашид “үндэсний” гэх/
стандарт;
8.1.2.байгууллагын стандарт;
8.1.3.олон улсын болон бүс нутгийн стандарт,
удирдамж, зөвлөмж, түүнд нийцүүлэн гаргасан гадаад улсын стандарт.
8.2.Стандартчиллын баримт бичигт зохиогчийн
эрх хамаарахгүй.
9
дүгээр зүйл.Үндэсний стандарт
9.1.Үндэсний стандартыг стандартчилал,
техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
батална.
9.2.Үндэсний стандартын үзүүлэлт, шаардлага
нь олон улс, бүс нутгийн стандартын шаардлагад нийцсэн байна.
9.3.Үндэсний стандартын төслийг сонирхогч
талууд зөвшилцлийн үндсэн дээр санаачлан боловсруулна.
9.4.Үндэсний стандарт нь товчилсон
тэмдэглэгээ, улсын бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт
өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр
болно.
10
дугаар зүйл.Байгууллагын стандарт
10.1.Аж ахуйн нэгж, байгууллага
стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагаас баталсан стандарт, аргачлалын дагуу энэ хуульд нийцүүлэн
боловсруулсан байгууллагын стандартыг хэрэглэж болно.
10.2.Байгууллагын стандарт нь үндэсний
стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн байна.
10.3.Энэ хуулийн 10.2-т заасан шаардлагыг
хангаагүй стандартаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
11
дүгээр зүйл.Стандартчиллын техникийн хороо
11.1.Үндэсний болон олон улс, бүс нутгийн
стандартын төслийг хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус
стандартчиллын техникийн хороо /цаашид “Техникийн хороо” гэх/ салбар тус бүрд
байна.
11.2.Техникийн хороо нь төр, иргэн, аж ахуйн
нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
11.3.Техникийн хороо дараахь эрх, үүрэгтэй:
11.3.1.стандартын төсөл боловсруулах,
холбогдох байгууллагын санал авах, сонирхогч талуудтай зөвшилцөх;
11.3.2.хүчин төгөлдөр стандартад дүн
шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
11.3.3.стандартын боловсруулалтын түвшин,
агуулга зохих шаардлагад нийцсэн эсэхийг хянах;
11.3.4.үндэсний болон олон улс, бүс нутгийн
стандартын төсөлд санал өгөх, дүгнэлт гаргах.
11.4.Техникийн хороо, түүний гишүүд нь иргэн,
аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхлыг төлөөлөхгүй бөгөөд сонирхлын
зөрчилгүй байна.
11.5.Техникийн хороо нь шаардлагатай гэж
үзвэл тодорхой чиглэлээр техникийн дэд хороо байгуулан ажиллуулж болно.
12
дугаар зүйл.Стандартыг хэрэглэх, мөрдөх
12.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэнэ.
12.2.Хууль тогтоомж, техникийн зохицуулалт,
олон улсын гэрээнд эш татсан стандарт нь тухайн баримт бичгийн нэгэн адил
хүчинтэй байна.
12.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь
олон улс, бүс нутаг, гадаад улсын дэвшилтэт стандартыг стандартчилал, техникийн
зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний
үндсэн дээр хэрэглэж болно.
12.4.Иргэн, аж ахуйн нэгжийн байгуулсан
гэрээнд стандартыг бүхлээр нь, эсхүл хэсэгчлэн эш татаж хэрэглэхээр тохирсон
бол гэрээнд оролцогч талууд гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
12.5.Энэ хуулийн 8.1.1, 8.1.3-т заасан баримт
бичгийг хувилан олшруулахыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ
13
дугаар зүйл.Тохирлын үнэлгээний зорилго, хамрах хүрээ
13.1.Тохирлын үнэлгээний зорилго нь
бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалахад оршино.
13.2.Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл
мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд
хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна.
13.3.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгчийн хүсэлтээр тохирлын үнэлгээнд
хамруулж болно.
13.4.Энэ хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүний
жагсаалт, тэдгээрийг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх,
хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална.
14
дүгээр зүйл.Тохирлын баталгаа
14.1.Тохирлын баталгаа нь тохирлын гэрчилгээ
болон нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэртэй байна.
14.2.Монгол Улсаас олон улс, бүс нутгийн
байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон
тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээг стандартчилал, техникийн
зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн зөвшөөрнө.
14.3.Тохирлын гэрчилгээг итгэмжлэгдсэн
баталгаажуулалтын байгууллага олгоно.
14.4.Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад болон
Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай
байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна.
14.5.Нийлүүлэгчийн мэдэгдэл гаргах журмыг
стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага батална.
14.6.Нийлүүлэгчийн мэдэгдэл нь энэ хуулийн
14.4-т заасан тохирлын гэрчилгээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.
14.7.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн
14.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн, хүчин төгөлдөр аюулгүйн тэмдэгтэй
бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, экспортод гаргах, импортоор оруулахад
хяналт, тохирлын үнэлгээнд давтан хамруулахгүй.
14.8.Энэ хуулийн 4.1.9-д заасан аюулгүйн
тэмдгийг энэ хуулийн 23.1.2-т заасны дагуу томилогдсон байгууллага олгоно.
14.9.Аюулгүйн тэмдгийн хэлбэр, хэмжээ,
хэрэглэх журмыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага батална.
15
дугаар зүйл.Тохирлын үнэлгээний байгууллага
15.1.Тохирлын үнэлгээний байгууллагад
лаборатори, техникийн хяналт болон баталгаажуулалтын байгууллага хамаарна.
15.2.Тохирлын үнэлгээний байгууллага нь
Монгол Улсын хуулийн этгээд байх бөгөөд холбогдох хууль тогтоомж, техникийн
зохицуулалт, стандарт, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулна.
15.3.Тохирлын үнэлгээний байгууллага нь
итгэмжлэлд хамрагдаж болно.
15.4.Энэ хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүнд
зөвхөн итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага тохирлын үнэлгээ хийнэ.
15.5.Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас
итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт
тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх бол итгэмжлэлийн байгууллагад
бүртгүүлнэ.
15.6.Тохирлын үнэлгээний байгууллага дараахь
эрх, үүрэгтэй:
15.6.1.тохирлын үнэлгээний үр дүнг үндэслэн
тайлан гаргах, тохирлын гэрчилгээ олгох, хүчингүй болгох;
15.6.2.тохирлын үнэлгээг итгэмжлэлээр
тогтоосон хүрээнд явуулах, зохион байгуулалт, харьяалал, чиглэл, техник хангамж
өөрчлөгдсөн тохиолдолд итгэмжлэлийн байгууллагад мэдэгдэх;
15.6.3.итгэмжлэлийн шалгуурыг байнга,
тогтвортой хангах, зохих дүрэм, журмыг мөрдөх;
15.6.4.тохирлын үнэлгээний ажилд холбогдох
мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах;
15.6.5.тохирлын үнэлгээний дүн, илэрсэн
зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдээлэх;
15.6.6.итгэмжлэлийн нэр хүндийг зүй бусаар
ашиглахгүй байх.
15.7.Энэ хуулийн 15.4, 15.5-д заасныг зөрчиж,
тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ
ИТГЭМЖЛЭЛ
16
дугаар зүйл.Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн зорилго
16.1.Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн зорилго
нь худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, худалдааг хөнгөвчлөх,
бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг
олон улс, бүс нутаг, гадаад улс болон үндэсний хэмжээнд харилцан хүлээн
зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
17
дугаар зүйл.Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоо, удирдлага, зохион
байгуулалт
17.1.Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн
тогтолцоо нь итгэмжлэлийн Удирдах зөвлөл (цаашид “Удирдах зөвлөл” гэх), итгэмжлэлийн
байгууллага, техникийн хороо, маргаан шийдвэрлэх комисс, итгэмжлэгдсэн тохирлын
үнэлгээний байгууллага, итгэмжлэлийн шинжээчээс бүрдэнэ.
18
дугаар зүйл.Удирдах зөвлөл
18.1.Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн
тогтолцооны стратеги, бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг
бүхий 15 гишүүнтэй, орон тооны бус Удирдах зөвлөл тохирлын үнэлгээний
итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.
18.2.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг
тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
томилно.
18.3.Удирдах зөвлөлийн гишүүнд доор дурдсан
байгууллагаас нэр дэвшүүлнэ:
18.3.1.хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай болон
эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг;
18.3.2.стандартчилал, техникийн зохицуулалтын
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас нэг, итгэмжлэлийн
байгууллагаас нэг, байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагаас нэг;
18.3.3.сорилт, баталгаажуулалт, техникийн
хяналтын итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагаас тус бүр нэг;
18.3.4.хэрэглэгчийн эрхийг хамгаалах
байгууллагаас нэг, хүнс, барилгын чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагаас
тус бүр нэг;
18.3.5.байгалийн болон техникийн шинжлэх
ухааны дээд боловсролын байгууллагаас тус бүр нэг, шинжлэх ухааны академиас
нэг.
18.4.Зөвлөлийн гишүүн нь тохирлын үнэлгээний
чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байх бөгөөд гишүүний
бүрэн эрхийн хугацаа нь гурван жил байна.
18.5.Удирдах зөвлөлийн ажиллах журмыг
тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
батална.
19
дүгээр зүйл.Итгэмжлэлийн байгууллага
19.1.Итгэмжлэлийн байгууллага нь тохирлын
үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд
ажиллана.
19.2.Итгэмжлэлийг энэ хуулийн 19.1-д заасан
байгууллага эрхлэн гүйцэтгэх бөгөөд итгэмжлэлийн байгууллагын дүрмийг Засгийн
газар батална.
19.3.Итгэмжлэлийн байгууллага итгэмжлэлийн
бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд дараахь бүрэн эрхтэй:
19.3.1.тохирлын үнэлгээний байгууллагын
чадавхыг тогтоох, итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
19.3.2.итгэмжлэлийн шинжээчид тавих
шаардлагыг тогтоох, шинжээч сонгон шалгаруулах, шинжээчийн
эрх олгох, цуцлах;
19.3.3.итгэмжлэлийн лавлагаа, мэдээллийн
улсын нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх;
19.3.4.холбогдох дүрэм, журам, заавар батлах,
хэрэгжилтэд хяналт тавих;
19.3.5.мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх,
сургалт явуулах;
19.3.6.олон улс, бүс нутгийн байгууллага,
гадаад улстай итгэмжлэлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, хэлэлцээрт
нэгдэх, олон улсын байгууллагад гишүүнээр элсэх санал гаргах;
19.3.7.олон улс, бүс нутаг, гадаад улсын
итгэмжлэлийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх.
19.4.Итгэмжлэлийн байгууллагын даргыг Төрийн
албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, итгэмжлэлийн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
19.5.Итгэмжлэлийн байгууллагыг гадаад,
дотоодод байгууллагын дарга төлөөлнө.
20
дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх комисс
20.1.Тохирлын үнэлгээний байгууллагаас
итгэмжлэлийн талаар гаргасан маргааныг Маргаан шийдвэрлэх комисс (цаашид
“Комисс” гэх) шийдвэрлэнэ.
20.2.Удирдах зөвлөл нь итгэмжлэлийн
шийдвэртэй холбоотой маргаан үүссэн тохиолдол бүрд мэргэшсэн шинжээчдээс
бүрдсэн Комиссыг байгуулж, ажиллуулна.
20.3.Комиссын ажиллах журмыг Удирдах зөвлөл
батална.
21
дүгээр зүйл.Техникийн хороо
21.1.Техникийн хороо нь итгэмжлэлийн шалгуур
тогтоох, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг
хангасан эсэх талаар дүгнэлт гаргах, техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй
байна.
21.2.Техникийн хороо нь орон тооны бус байх
бөгөөд сонирхогч талуудын оролцоог тэгш хангасан байна.
22
дугаар зүйл.Итгэмжлэлийн шинжээч
22.1.Итгэмжлэлийн шинжээч (цаашид “Шинжээч”
гэх) нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавх хууль болон стандарт, техникийн
зохицуулалтын шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана.
22.2.Шинжээч дараахь шаардлагыг хангасан
байна:
22.2.1.энэ хуулийн 19.1-д заасан эрх бүхий
байгууллагаас шинжээчийн эрх авсан, томилогдсон байх;
22.2.2.итгэмжлүүлэхээр хүсэлт гаргагч
байгууллагатай сонирхлын зөрчилгүй байх.
22.3.Итгэмжлэлийн шинжээч нь үнэлгээний дүнг
Итгэмжлэлийн байгууллагад тайлагнана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН
ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
23
дугаар зүйл.Засгийн газрын гишүүний бүрэн эрх
23.1.Засгийн газрын гишүүн нь стандартчилал,
техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараахь бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:
23.1.1.эрхэлсэн асуудлаар стандарт, техникийн
зохицуулалтыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
23.1.2.салбарын тохирлын үнэлгээний ажлыг
хариуцан гүйцэтгэх итгэмжлэгдсэн, мэргэшсэн байгууллагыг энэ хуулийн 25.1-д
заасан байгууллагын саналыг үндэслэн томилох.
23.2.Энэ хуулийн 23.1.1-д заасан үйл
ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор орон тооны бус салбар, хороог байгуулж болох
бөгөөд үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
23.3.Гадаад худалдааны асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүн энэ хуулийн 13.4, 14.2-т заасан баримт бичгийг нотолж,
Дэлхийн худалдааны байгууллагад Монгол Улсын нэрийн өмнөөс мэдэгдэл
гаргана.
23.4.Стандартчилал, техникийн зохицуулалтын
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 23.1-д заасан бүрэн эрхийг
хэрэгжүүлэхээс гадна энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан байгууллагыг бодлогын
удирдлагаар хангана.
24
дүгээр зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалтын байгууллагын тогтолцоо
24.1.Стандартчилал, техникийн зохицуулалтын
байгууллагын тогтолцоо нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний харьяа аймаг, нийслэлийн
байгууллагаас бүрдэнэ.
24.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа нутаг
дэвсгэртээ стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний
итгэмжлэлийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангаж, тохирлын үнэлгээний
байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
25
дугаар зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага
25.1.Стандартчилал, техникийн зохицуулалтын
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төрөөс стандартчилал, техникийн
зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар баримтлах бодлогыг боловсруулах,
хэрэгжүүлэх, эрхэлсэн асуудлын хүрээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
чиг үүргийг хэрэгжүүлнэ.
25.2.Стандартчилал, техникийн зохицуулалтын
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг Төрийн албаны тухай
хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар томилж, чөлөөлнө.
25.3.Стандартчилал, техникийн зохицуулалтын
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:
25.3.1.стандартчилал, техникийн зохицуулалт,
тохирлын үнэлгээний хөтөлбөр, дүрэм, журам, заавар боловсруулах, батлах;
25.3.2.үндэсний стандартыг батлах, бүртгэх,
түүний албан ёсны эхийг хадгалах, олон нийтэд мэдээлэх, түгээх;
25.3.3.тохирлын үнэлгээг энэ хуульд заасны
дагуу явуулах, эрдэнийн чулууны чанарын улсын хяналт тавих;
25.3.4.хариуцсан асуудлаар олон улсын
байгууллагад гишүүнээр элсэх санал гаргах, олон улс, бүс нутаг, гадаад улсын
холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тохирлын үнэлгээний үр
дүнг харилцан хүлээн зөвшөөрөх;
25.3.5.стандартчиллын техникийн хороодыг
байгуулах, үйл ажиллагааг зохицуулах, дэмжлэг үзүүлэх;
25.3.6.хариуцсан асуудлаар төлбөртэй ажил,
үйлчилгээ эрхлэх, сургалт явуулах;
25.3.7.стандартчилал, техникийн зохицуулалт,
тохирлын үнэлгээний чиглэлээр шинжлэх ухаан, технологийн судалгаа, шинжилгээ
хийх, энэ хуулийн 25.3.6-д заасан ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага,
төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх;
25.3.8.стандарт, техникийн зохицуулалт,
тохирлын үнэлгээтэй холбогдох лавлагаа, мэдээллээр олон улсын байгууллагыг
хангах.
25.4.Стандартчилал, техникийн зохицуулалтын
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь чанартай бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчийг урамшуулах, чанарын талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх
зорилгоор үндэсний чанарын шагнал олгох үйл ажиллагааг зохион байгуулж болно.
26
дугаар зүйл.Аймаг, нийслэлийн стандартчилал, техникийн зохицуулалтын
байгууллага
26.1.Аймаг, нийслэлийн стандартчилал,
техникийн зохицуулалтын байгууллага дараахь бүрэн эрхтэй:
26.1.1.тохирлын үнэлгээг энэ хуульд заасны
дагуу явуулах;
26.1.2.стандарт, техникийн зохицуулалтын
улсын мэдээллийн салбар санг ажиллуулах;
26.1.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад
стандарт боловсруулах талаар арга зүйн зөвлөгөө өгөх;
26.1.4.энэ хуулийн 25.3.6-д заасан үйл
ажиллагааг эрхлэх.
26.2.Аймаг, нийслэлийн стандартчилал,
техникийн зохицуулалтын байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны
дагуу сонгон шалгаруулж аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн
дээр стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
27
дугаар зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
27.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараахь
эрхтэй:
27.1.1.бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг
дээшлүүлэх чиглэлээр дэвшилтэт стандарт, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх,
тохирлын үнэлгээнд хамрагдах;
27.1.2.стандарт боловсруулахад оролцох;
27.1.3.стандарт, стандартчиллын хөтөлбөрийн
төсөлд санал өгөх.
27.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараахь
үүрэгтэй:
27.2.1.стандарт, техникийн зохицуулалтад
тогтоосон шаардлагын дагуу бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах;
27.2.2.стандартыг боловсруулах,
бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, түүнтэй холбогдон гарах зардлыг
санхүүжүүлэх;
27.2.3.стандарт, техникийн зохицуулалт,
тохирлын үнэлгээний асуудлаар холбогдох дүрэм, журам, баримт бичиг боловсруулах
чиглэлээр ажилтнаа чадавхижуулах.
27.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын
боловсруулсан стандартын төсөл нь хууль тогтоомж, техникийн зохицуулалт болон
үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашигт харшлаагүй, нийтийн ашиг сонирхол, хүний
эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол
учруулахааргүй байна.
28
дугаар зүйл.Мэдээллийн сан
28.1.Стандарт, техникийн зохицуулалтын улсын
мэдээллийн нэгдсэн сан (цаашид “Мэдээллийн сан” гэх)-г бүрдүүлэх, баримт
бичгийг бүртгэх, хадгалах, хамгаалах, мэдээлэх, хэвлэх, энэ хуулийн 8.1.1,
8.1.3-т заасан баримт бичгийг борлуулах үйл ажиллагааг стандартчилал, техникийн
зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын Мэдээлэл,
лавлагааны төв эрхлэн гүйцэтгэнэ.
28.2.Мэдээллийн санд стандартчиллын баримт
бичиг, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний журам, гэрээ хэлэлцээр болон
холбогдох техникийн баримт бичгийн албан ёсны эх, эсхүл хуулбар хувийг
хадгална.
28.3.Мэдээллийн сан нь цаасан болон цахим
хэлбэртэй байна.
28.4.Техникийн зохицуулалтыг мэдээллийн санд
байршуулснаас хойш 10 хоногийн дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд
мэдээлнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ХЯНАЛТ,
САНХҮҮЖИЛТ
29
дүгээр зүйл.Төрийн хяналт
29.1.Стандартчилал, техникийн зохицуулалт,
тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай
хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгууллага хэрэгжүүлнэ.
29.2.Энэ хуулийн 29.1-д заасан хяналтын
байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараахь
хяналтыг хэрэгжүүлнэ:
29.2.1.стандартчилал, техникийн зохицуулалт,
тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль тогтоомж, техникийн зохицуулалтын
хэрэгжилтэд хяналт тавих;
29.2.2.энэ хуулийн 13.2-т заасан
бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулсан эсэхэд хяналт тавих.
29.3.Энэ хуулийн 29.1-д заасан хяналтыг
хэрэгжүүлэх улсын байцаагч нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын
үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
29.4.Стандартчилал, техникийн зохицуулалт,
тохирлын үнэлгээний төрийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь
хяналтын үр дүнг энэ хуулийн 25.1-д заасан байгууллагад жил бүр тайлагнана.
29.5.Энэ хуулийн 29.1-д заасан хяналт нь
бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлснээс хойших үе шатанд хамаарна.
30
дугаар зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний
итгэмжлэлийн үйл ажиллагааны санхүүжилт
30.1.Стандартчилал, техникийн зохицуулалтын
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний харьяа аймаг,
нийслэлийн байгууллага, итгэмжлэлийн байгууллагын энэ хуульд заасан бүрэн эрхээ
хэрэгжүүлэхтэй холбогдсон зардал, итгэмжлэлийн удирдах зөвлөл, стандартчиллын
болон итгэмжлэлийн техникийн хороо, итгэмжлэлийн маргаан шийдвэрлэх комисс,
итгэмжлэлийн шинжээчийн үйл ажиллагаатай холбогдсон зардал, олон улсын
байгууллагын гишүүний татварыг улсын төсвөөс, энэ хуулийн 25.3.7-д заасан
шинжлэх ухаан, технологийн судалгаа, шинжилгээний зардлыг Шинжлэх ухаан,
технологийн сангаас тус тус санхүүжүүлнэ.
30.2.Стандартчилал, техникийн зохицуулалтын
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Төсвийн тухай хуулийн 46.2-т заасан
журмын дагуу үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогоос стандартчилал, техникийн
зохицуулалтын техникийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зардлыг
санхүүжүүлнэ.
30.3.Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл
ажиллагааны санхүүжилт нь энэ хуулийн 30.1-д зааснаас гадна дараахь эх
үүсвэрээс бүрдэнэ:
30.3.1.тохирлын үнэлгээний итгэмжлэлийн ажил,
үйлчилгээний хураамж;
30.3.2.олон улсын байгууллага, хандивлагч
орны хандив, тусламж.
30.4.Энэ хуульд заасан төлбөртэй ажил,
үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг стандартчилал, техникийн зохицуулалт,
тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
тогтооно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД
31
дүгээр зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний
итгэмжлэлийн хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага
31.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны
үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага
хүлээлгэнэ.
31.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн
этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага
хүлээлгэнэ.
32
дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
32.1.Энэ хуулийг 2018 оны 07 дугаар сарын
01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
М.ЭНХБОЛД