Үүсгэн байгуулагч

Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбоо

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ) нь бие даасан, гишүүд, гишүүн байгууллага болон нийгэмдээ үйлчилдэг, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг төрийн бус байгууллага юм. МАОЭНХ-оог анх 1990 оны 9 дүгээр сарын 29-нд Хувийн Үйлдвэрийн Эздийн Холбоо нэртэйгээр сайн дураар эвлэлдэн нэгдсэн 35 Аж ахуйн нэгж байгууллагын эзэд үндэслэн байгуулсан. Тус Холбоо нь ажил олгогчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зорилготой байгуулагдсан юм. 1998 онд Холбооны чуулганы шийдвэрээр тус байгууллагын нэрийг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо гэж өөрчилсөн билээ. Өнөөдөр тус холбоо нь 21 аймагт бие даасан салбартай 60 орчим суманд төлөөлөгчтэй, 41 мэргэжлийн холбоод, Улсын хэмжээний 12 салбар хорооны бүрэлдэхүүнд ажиллахын зэрэгцээ үйлдвэрлэл, барилга, тээвэр, банк, даатгал, худалдаа-үйлчилгээ, аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, мэдээллийн технологи зэрэг хувийн хэвшлийн бүхий л салбарыг хамарсан нийт 8100 гаруй гишүүд, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн ҮНДЭСНИЙ хэмжээний байгууллага болоод байна. МАОЭНХ нь гишүүн болон гишүүн бус ажил олгогч эздийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төрөлжсөн үйлчилгээг үзүүлэх, Олон улсын түвшинд бусад орны эздийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх үүрэг хүлээн ажилладаг. Түүнчлэн гишүүдээ төлөөлж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн хөгжлийн бусад асуудлаар Монгол Улсын Засгийн Газар болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай Гурван талт Үндэсний Хорооны түвшинд шийдвэр гаргах үүрэг хүлээн хариуцлагатай ажиллаж байна. Холбооны зорилго, үйл ажиллагааг дэмжиж, байгууллагын үйлчилгээг авах хүсэлтэй Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын бүх ажил олгогч, эздэд тус холбооны гишүүн болох боломж нээлттэй юм.