Зурган мэдээлэл

Евро стандартад шилжих алхам

2015-03-27 14:40:35

Барилгын салбарт евро норм, стандартыг дагаж мөрдүүлэх Засгийн газрын шийдвэр гарч  энэ талаар салбарын яам тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм.
Үүнтэй уялдуулан өнөөдөр Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-ны хурлын зааланд Стандарчилал, хэмжил зүйн газар /СХЗГ/-тай  харилцан ойлголцлын  санамж бичигт  гарын үсэг зурах арга хэмжээ болсон юм.
Энэхүү арга хэмжээнд БХБЯ-ны  Стратеги , бодлого төлөвлөлтийн газрын дарга У.Отгонбаяр, СХЗГ-ын дарга Г.Гантөмөр нар оролцож  “Барилгын салбарын стандарчилал, тохирлын үнэлгээний талаархамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллах юм байна.

  • Олон улсын болон Европын стандарчилал, техникийн зохицуулалтын тогтолцоонд нийцсэн барилгын салбарын дэд бүтэц болгоход дэмжлэг үзүүлэх
  • Европын стандартыг барилгын салбарт нэвтрүүлэх, нутагшуулах, еврокодыг үндэсний норматив бичиг болгон боловсруулах, шаардлагатай техникийн зохицуулалт бий болгон боловсруулах талаар хамтран ажиллах
  • Барилгын салбарын тохирлын үнэлгээний байгууллагууд / сорилтын лаборатори, баталгаажуулалтын болон техникийн хяналт/-ын техникийн чадавхийг нэмэгдүүлэх, менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллах
  • Барилгын салбарын стандарчилал, техникийн зохицуулалтын чиглэлээр тус салбарынханд сургалт зохион явуулах, мэргэшүүлэх, гадаад дотоодын байгууллагуудтай туршлага солилцоход хамтран ажиллах
  • Барилгын салбар дахь чанарын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, барилгын чанарын баталгаажуулалтын байгууллагыг нэмэгдүүлэх гэсэн чиглэлүүд юм.

Ингэснээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирч, зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа барилгын салбарын стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгүүдийг түргэн шуурхай судлаж, нэвтрүүлэх бөгөөд дэлхийн шаардлагад нийцсэн чанартай барилгын материал , бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, нийлүүлэх нөхцөл дээшлэнэ хэмээн үзэж байгаа юм байна.