Зурган мэдээлэл

Зөрчилтэй барилгуудад арга хэмжээ авч байна

2015-04-08 12:46:09

МХЕГ-аас зохион байгуулж буй “Хүний төлөө – Зөв тус” аянаар дэд бүтцийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх, ажил, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах, сайн дадал, туршлагыг хуваалцан үзүүлэх сургалт зохион байгуулах зэргээр барилга, байгууламжийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад тус дөхөм болохуйц ажлыг хийж байгаа юм.
Түүнчлэн зөрчилтэй, зөрчлөө арилгаагүй, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлдэггүй, хэрэгжилтийг хангуулж ажилладаггүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсоогоод байна. Тухайлбал, СБД-ийн нэгдүгээр хороонд “Глобал хурд” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 12 давхар оффис, үйлчилгээний зориулалт бүхий барилга магадлал хийлгээгүй зураг төсөлтэй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад барилга угсралтын ажил гүйцэтгэсэн, бетон цутгалтын ажил гүйцэтгэхдээ хоногийн дундаж 5 хэмээс бага үед цутгасан бөгөөд бат бэх нь тодорхойгүй, лабораториор баталгаажуулаагүй, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байсан зэрэг зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчилд арга хэмжээ авч, барилгын ажлыг зогсоосон хэдий ч захиалагчийн зүгээс гүйцэтгэгч компаниа сольж, зөвшөөрөлгүйгээр дахин барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Иймд барилгын ажлыг зөрчил арилгах хүртэл хугацаагаар зогсоон лацадлаа. Мөн ХУД-ийн нутаг дэвсгэр, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд буланд барилгын зураг, зөвшөөрөлгүйгээр баригдаж байсан иргэн Л.Баяндалайн барилгын ажлыг зогсоож лацадсан юм. Өмнө нь албан шаардлага хүргүүлж байсан ч шөнийн цагаар барилгын ажил явагдаж байгаа талаар иргэд, орон сууцны СӨХ-оос НМХГ-т гомдол иржээ.

Цаашид хууль, дүрэм журам зөрчдөг, зөрчлөө арилгадаггүй, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлдэггүй, ажиллагсад, иргэдэд эрсдэл учруулж болзошгүй компаниудын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүртэл арга хэмжээг авах юм.

Эх сурвалж: http://inspection.gov.mn/