Текст мэдээлэл

5 дугаар цахилгаан станцыг 2018 оноос өмнө барьж ашиглалтанд оруулах зайлшгүй шаардлагатай

2015-04-08 09:56:15

Улаанбаатар цэвэр агаар төсөл, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн танилцуулгатай нийслэлийн удирдлагууд танилцлаа. Улаанбаатар хотын зүүн хэсгийн хэрэгцээг хангах 5 дугаар цахилгаан станцыг 2018 оноос өмнө барьж ашиглалтанд оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. 2030 онд нийслэлийн хэмжээнд дулааны хэрэгцээ 126 хувиар нэмэгдэж, дулааны станцуудын хүчин чадалд үндэслэн дулаан хангамжийн ачааллыг тодорхойлох шаардлагатай байгаа юм. Улаанбаатар хотын дулаан дамжуулах системийг Баруун Зүүн гэсэн хоёр системд хуваах бөгөөд баруун системийг 3 ба 4 дүгээр цахилгаан станцаас зүүн системийг шинэ 5 дугаар цахилгаан станц ба 300 гкал-ын Дулааны станцаас хангах юм. Энэхүү дулааны станц нь оргил ачааллын үед ачаалал зохицуулах байдлаар ашиглах боломжтой. Уг төслийн хөрөнгө оруулалт шийдэгдвэл эхний хэсэгт 88.0000 оршин суугчдыг дулаан хангамжийн төвлөрсөн системд холбох бололцоотой юм. Ингэснээр агаар бохирдуулагч зуух хэрэглэснээс үүсэх тоосжилтыг 46 хувиар, хүхрийн давхар ислийг 86 хүртэл хувиар бууруулах тооцоо гарчээ. Хоёр дахь хэсэгт холигч насосыг барилгуудад, тохируулах хаалтуудыг орон сууцуудад суурилуулсанаар дулааны хэрэглээг 10-15 хувиар бууруулах боломж бүрдэнэ.