Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж үндэсний холбоо
Барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа өнөөгийн нөхцөлд барилга дээр ашиглаж байгаа кран, өргөх төхөөрөмжийн төлөвлөлт, ашиглалт, аюулгүй ажиллагаанд онцгой анхаарах шаардлагатай юм. Өнөөдөр Монголд 3000-аад лифт, 1000 гаруй кран, 1000-аад барилгын болон дүүжин өргөгч, бусад өргөх тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Эдгээрийн ашиглалтыг сайжруулж, аюулгүй ажиллагааг хангахад зөвхөн төрийн байгууллагад ажиллаж байгаа хэдхэн мэргэжилтний үйл ажиллагаа хаана нь ч хүрдэггүй тул салбарын инженер мэргэжилтнүүдийн идэвх, санаачилга, мэдлэг чадварыг дайчлах шаардлагатай байдаг. Иймд “Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж” үндэсний холбоог ШУТИС-н Механик инженерийн сургуулийн багш, эрдэмтэд, энэ чиглэлээр ажилладаг төрийн албаны мэргэжилтэн, улсын байцаагч, лифт, краны мэргэжлийн байгууллагын төлөөлөл, салбарын инженерүүдээс бүрдсэн 20 хүн үүсгэн байгуулж 2008 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр анхны хурлаа хийн дүрмээ батлан улмаар 2008 оны 11 сарын 20-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн. 2013 оны 4 сарын 3-ны бүх гишүүдийн хурлаар холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр Н.Ганболд, Г.Батсайхан, Г.Нарангэрэл, Н.Буйдан, Г.Батнэмэх, Одгэрэл, Цогтбаатар, Амаржаргал, Л.Цэрэнбалжид, Болдбаатар, Амарбаясгалан нарын 11 хүнийг сонгосон. Удирдах зөвлөлийн дарга Г.Батсайхан, Холбооны гүйцэтгэх захиралаар Н.Ганболд тус тус ажиллаж байна.